“ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН ЦАХИМ СИСТЕМ”-ИЙГ НЭВТРҮҮЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Боловсролын газар, Шим тэжээл судлалын үндэсний төв хамтран “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн цахим систем”-ийг нэвтрүүлэх, хэрхэн үр дүнтэй ашиглах талаар ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилго бүхий сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад тус системийг нэвтрүүлж буй нийслэлийн 60 цэцэрлэгийн эрхлэгч, хоол зүйч, тогооч, нярав нийт 180 гаруй албан хаагчид цахим болон танхимаар хамрагдлаа.
Нийслэлийн Боловсролын газар, “Койка” олон улсын байгууллага, “With” төрийн бус байгууллага хамтран “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах 2018-2020” төслийг амжилттай хэрэгжүүлж ажилласан. Төслийн хүрээнд бага насны хүүхдэд тохирсон 300 гаруй төрлийн хоолны цэс бүхий гарын авлагыг хэвлэмэл болон цахим хэлбэрээр боловсруулж, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгүүдэд түгээгээд байна.
Мөн “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн цахим систем”-ийг нийслэлийн 14, 52, 61, 67, 135 дугаар цэцэрлэгүүдэд туршилтаар нэвтрүүлж, хөгжүүлэлтийг хийсэн бөгөөд энэ хичээлийн жилд 60 цэцэрлэгт шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү цахим систем нь цэцэрлэгийн хоол зүйч, тогооч нарын хоолны цэс зохиох, илчлэг шим тэжээлийн тооцоо гаргах ажлыг хялбарчилж, стандартад нийцсэн илчлэг, шим тэжээлтэй хоолоор үйлчлэхэд дэмжлэг болохын зэрэгцээ хүнсний түүхий эдийн хэмжээг бодитой гаргаж, төсвийг үр ашигтай зарцуулах боломжийг бүрдүүлэх юм.
Тус системийг 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгүүдэд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.