“ХҮҮХДИЙН ХООЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол Улс 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг батлан, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бага ангийн сурагчдыг Үдийн цайны үйлчилгээнээс Үдийн хоолны үйлчилгээнд шилжүүлсэн.
Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 859 ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн 382.002 хүүхэд тус үйлчилгээнд хамрагдаж байгаагаас нийслэлийн хэмжээнд 162.153 хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.
Цаашид хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээний зардлыг бууруулах, хэрэглээний онцлогтой уялдсан үдийн хоолоор үйлчлэх, шинэ чанартай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг орон нутгаас нийлүүлэх зохион байгуулалтыг оновчтой болгох, хүний нөөц, тоног төхөөрөмж, төсвийг үр ашигтай төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Энэ хүрээнд орон нутгийн түвшинд хүүхдийн хоол, хүнсний шим тэжээлэг байдал, хангамж, хүртээмж, тулгамдаж буй асуудлын өнөөгийн байдлыг тодорхойлж, хэрэгжүүлж буй сайн туршлагыг хуваалцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан талуудын хамтын ажиллагааны олон талт манлайллыг дэмжих зорилгоор нийслэлийн Боловсролын газраас “ХҮҮХДИЙН ХООЛ” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн ЗДТГ, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд оролцож байна.