“ХАРИЛЦАН СУРАЛЦАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг 2018-2021 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд нийслэлийн сургууль, цэцэрлэг зэрэг нийтийн зориулалттай 20 барилгын дулааны алдагдлыг багасгаж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, энэхүү үйл явцад цэцэрлэг, сургуулийн удирдлага багш, эцэг эх, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх ажлууд хийгдэж байна.
Төслийн нийт зардлын 60%-ийг Швейцарийн Хөгжлийн агентлаг, Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгээс, 40%-ыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлж байгаа бөгөөд төслийн гол зорилго нь дулааны алдагдлыг бууруулж, эхний ээлжинд барилгын засвар хийх шаардлагатай болсон барилгуудыг сонгон авч төсөлд хамруулж байгаа юм.
Улаанбаатар хотын боловсролын байгууллагуудын 70 орчим хувь нь 30-аас дээш жилийн насжилттай байгаа бөгөөд төсөлд хамрагдах цэцэрлэг, сургуулиудыг НЗДТГ-аас хийсэн судалгаанд үндэслэж гаргасан.
Төсөл хэрэгжиж буй Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 7 сургууль, 2 цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг эхийн төлөөлөөс бүрдсэн 45 хүнд “Эцэг эхийн оролцоот үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” хийх үйл ажиллагааны хүрээнд сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, бусдаасаа харилцан суралцах, боломжит санааг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр “Харилцан суралцах арга зүй” сургалт зохион байгуулагдлаа.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Төсөлд хамрагдаж байгаа цэцэрлэг сургуулиудын төлөөлөл та бүхэн тулгамдаж буй асуудлаа тодорхойлон дэмжих багийн оролцоотой шийдвэрлэх арга зүйд суралцаж ажилласан нь бүх цэцэрлэг, сургуульд түгээн дэлгэрүүлэхүйц санаачилга болж байгааг энд зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Та бүхэн цаашид сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагаанд олон талын оролцоо, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ үнэлгээг хэрэгжүүлэхдээ энэхүү аргачлалыг тогтмол ашиглаж, байнгын үйл ажиллагаа болгоно гэдэгт итгэж байна, төслийг хэрэгжүүлж буй хамт олонд хувиасаа болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш ажилтан, эцэг эх, суралцагчдын өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.
Сургалтад нийслэлийн Боловсролын газрын Санхүү хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, төслийн Засаглалын асуудал хариуцсан менежер Г.Пүрэвтогтох, төслийн зөвлөх А.Бүрэнжаргал, Ч.Эрдэнэчимэг, Я.Бямбасүрэн нар оролцож семинарыг удирдаж явууллаа.