ХАН-УУЛ, НАЛАЙХ ДҮҮРЭГТ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГҮҮД АШИГЛАЛТАД ОРЛОО

2020 онд нийслэлд нийт 60 цэцэрлэгийн барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 15 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, цэцэрлэгийн орны тоог 2720-иор нэмэгдүүлээд байсан.
Тэгвэл өнөөдөр дахин 2 цэцэрлэг ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүрэгт 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж хамран сургах тойргийн цэцэрлэгийн насны 2-5 настай хүүхдүүдийг 100% бүрэн хамруулан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Мөн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж нээлтийн арга хэмжээг зохион байгуулав. Улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай 6 бүлэг бүхий өргөтгөлийн барилгыг “Грейт майнинг” ХХК барьж ашиглалтад өглөө. Тус 73 дугаар цэцэрлэг анх 1984 онд ашиглалтанд орж, 6 бүлэгт 140 хүүхдийн хүчин чадалтай байсан бол өргөтгөл ашиглалтад орсноор хамран сургах тойргийн 7,8 дугаар хорооны 2-5 настай хүүхдийг 100% хамруулж “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.