“ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүүхдийг аливаа эрсдэл, хор нөлөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудад зориулсан “Хамтдаа хамгаалцгаая” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Монгол Улсын Их хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд оролцлоо.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга зөвлөгөөний үеэр Хүүхдийн эрх, хөгжил хамгаалал сэдвээр мэдээлэл танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыг аливаа хорт зуршил, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хайрлан хамгаалахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боловсролын байгууллагын удирдах болон багш, ажилтнуудыг чадавхжуулах шаардлагатай байгааг дурдаад цаашид хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээний талаар онцлон тэмдэглэсэн юм.
Өнөөдрийн зөвлөгөөнд:
– Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Цахилгаан тамхины зах зээлийн судалгаа” сэдвээр,
– Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан “Цахилгаан тамхины эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” сэдвээр,
– Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр,
– Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг” сэдвээр тус тус илтгэл танилцуулав.
Зөвлөгөөний үеэр хүүхдийг сургуулийн орчинд аливаа гэмт хэрэг зөрчил, хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилго бүхий “Хүүхдийн эрх, хөгжил хамгаалал” аянд амжилттай оролцсон нийслэлийн ерөнхий боловсролын 7 сургуульд 2-10 сая төгрөгийн урамшууллыг гардуулан өглөө.
Тус аяныг 2018 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн удирдамжийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд 4 жилийн хугацаанд нийт 30 сургууль, 2 насан туршийн боловсролын төвийг шалгаруулж, урамшуулаад байгаа юм.