“УЛААНБААТАР ХОТЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН САЛБАР БҮРД МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮДИЙГ АШИГЛАНА

“Улаанбаатар хотын цахим шилжилт” төслийг танилцуулах үеэр мэдээлэл, технологийн тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулсан юм.

Энэ үеэр “Дижитал Эдү Менежмент” ХХК “E-School” буюу сургуулийн удирдлагуудад, “E-Teacher” буюу багш нарт, “E-Parent” буюу эцэг, эхчүүдэд зориулсан аппликэйшнүүдээс бүрдсэн системээ танилцууллаа. Эцэг, эхчүүд тус аппликэйшнийг ашиглан хүүхдийнхээ сурлага, хүмүүжил болоод тухайн өдрийнх нь идсэн хоол, сургуулийн автобустай холбоотой мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжтой. Одоогоор ерөнхий боловсролын 51 сургуулийн 2500 гаруй багш, 20 мянга гаруй сурагч, эцэг, эхчүүд тус системийг ашигладаг гэсэн судалгаа байна.

Тус систем “Улаанбаатар хотын цахим шилжилт” төсөлтэй уялдуулан нийслэлийн бүх эцэг, эх хүүхдийнхээ талаарх мэдээллийг гар утаснаасаа авах, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой систем болж байна.

Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг цахимаар зохион байгуулж хэвшүүлсэн. Мөн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл болон нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн их засварын саналыг цахимаар хүлээн авч, салбарын үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй хүргэн ажиллаж байна.

Цаашид сургуулийн автобус үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн хүнс ханган нийлүүлэлт, багш нарын сургалтад чиглэсэн системүүдийг хөгжүүлж, боловсролын салбарын үйлчилгээг цахимжуулах ажлыг төлөвлөн ажиллаж байна.