СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БҮРД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга оролцож, 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангасан байдал, сургалтын үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг танилцууллаа.
Сургалтын үйл ажиллагаа 2019-2020 оны хичээлийн жилд гуравны нэг хувь, 2020-2021 оны хичээлийн жилд гуравны хоёр хувь нь цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. Энэ хугацаанд сургалтын үйл ажиллагаа зогсоогүй, багш нар ачаалал ихтэй ажилласан боловч сурагчдын хичээлийн хоцрогдол ихэссэн. Энэ нь танхимын сургалтыг цахим сургалтаар орлуулах боломжгүйг харуулж байна гэж нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга онцоллоо.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/190 тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г баталж, нийслэлийн хэмжээний боловсролын байгууллагууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж буй.
Энэ хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга, сургалтын арга зүйн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилготой цахим сургалтыг зохион байгуулж нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт 22.556 багшийг хамруулсан.
Коронавируст халдварын үед сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын А/292, А/525 хамтарсан тушаал гарсан. Тушаалаар батлагдсан журмыг хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжих хүртэл хугацаанд өмчийн бүх хэлбэрийн ЕБС, цэцэрлэгүүд, албан хаагчид мөрдөж ажиллах юм.
Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах, байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналтын талаар мэдлэг олгох сургалтыг НЭМГ, НОК, ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран зохион байгуулсан. Тус сургалтад сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан болон багш, эмч нарын бүрэлдэхүүнтэй цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах багууд оролцсон юм.
Мөн дээрх сургалтын хүрээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн 553 эмч нарыг халдвараас урьдчилан сэргийлж, шаардлагатай тохиолдолд хамар, залгиураас сорьц авах аргад сургаж, дадлагажуулсан байна.
Танхимын сургалтын үед сургууль, цэцэрлэг бүрт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний баг ажиллах бөгөөд тухайн сургалтын байгууллагын онцгой комиссын үүргийг гүйцэтгэх юм.
Нийслэлд 2021 он гарснаас хойш нийт 8 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 2, 16 цэцэрлэг, 1 дотуур байрыг ашиглалтад оруулаад байна.
Энэ хичээлийн жилд 69 сургууль, цэцэрлэгт их засвар хийхээр төлөвлөсөн. Үүнээс 20 сургууль, цэцэрлэгийн засварын ажил 81 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Цар тахлын улмаас барилгын материалын үнэ огцом өссөн, татан авалт удаашралтай байгаа шалтгаанаар барилгын компаниуд тендерт оролцохгүй байна. Иймд зарласан тендер удаа дараа цуцлагдаж, барилга угсралтын болон их засварын ажилд хүндрэл учруулж байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тэмдэглэн хэллээ.