“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ.
БШУ-ны сайдын 2020 оны А/164 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаанд баримтлах чиглэл”-ийг танилцуулах цахим сургалтыг Нийслэлийн Боловсролын газраас сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хуваарийг боловсруулан баталж хэрэгжилтийг зохион байгуулж эхэллээ.
Сургалтыг 2 үе шаттай зохион байгуулах ба эхний шатанд дүүргүүдийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэнтэй хамтран төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарын төлөөлөл болох 630 оролцогчийг хамруулан 2021 оны 1 дүгээр сарын 13-аас 22-ны өдрүүдэд зохион байгуулж эхэллээ. Эхний шатанд хамрагдсан оролцогчид сургалтыг нэгж байгууллага дээрээ 2021 оны 2 дугаар сарын 01-25-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулна.
Сургалтын эхний шатны хуваарийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдөр СБД, ХУД, БГД-ийн цэцэрлэгүүдийн төлөөлөл болох 282 оролцогчдыг хамруулан амжилттай зохион байгууллаа.
“Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаанд баримтлах чиглэл” нь цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, хүүхэд болон багшийн хөгжлийг дэмжих, эрүүл, аюулгүй, хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг хангах зэрэг үндсэн үйл ажиллагаатай холбоотой чухал асуудлыг хамран шийдвэрлэх гарцыг тодорхойлсон удирдамж баримт бичиг юм.