НИЙСЛЭЛИЙН ТҮҮХ, НИЙГЭМ СУДЛАЛ, ГАЗАР ЗҮЙН БАГШ НАРЫН “ЗӨВЛӨЛДӨХ БАГ”-ИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн боловсролын газрын даргын “Зөвлөн туслах ажлыг зохион байгуулах тухай” 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/78 дугаар тушаалаар коронавируст халдварын улмаас үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Зөвлөлдөх баг”-ийг байгуулсан.
Энэ хичээлийн жилд 25 зөвлөлдөх багийн 403 гишүүд сургалтын хөтөлбөр боловсруулах, агуулга арга зүйн даалгаврын сан бүрдүүлэх, үнэлгээ хийх, сургалтын орчин бүрдүүлэх зэрэг чиглэлээр нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.
Нийслэлийн Боловсролын газраас “Зөвлөлдөх баг”-ийн гишүүдийг чадавхжуулах, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг ханган, зөвлөн чиглүүлэх “Ментор багш” болгон дадлагажуулах сургалтыг судлагдахуун бүрээр зохион байгуулж байна.
Энэ удаагийн түүх, нийгэм судлал, газар зүйн “Зөвлөлдөх баг”-ийн сургалтад түүх, нийгэм судлалын багийн 18, газар зүйн багш нарын багийн 16, нийт 34 гишүүн багш хамрагдлаа. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга сургалтыг нээж хэлсэн үгэндээ, нийслэлийн ерөнхий боловсролын түүхийн багш нарыг чадавхжуулах, түүх, соёлын агуулга бүхий контент боловсруулах, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг дэмжих ажлыг хийж хэрэгжүүлэхээр Шинжлэх Ухааны Академитай санамж бичиг байгуулан ажиллаж байгааг онцлоод, цаашид зөвлөлдөх багийг дэмжих, чадавхжуулах, урамшуулах талаар төлөвлөж буй ажлуудын талаар дурдсан юм.
Сургалтад:
1. “Хосолсон сургалтын арга зүйгээр түүх, нийгэм судлалын нэгж хичээлийг төлөвлөх нь” сэдвээр Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Ч.Гажиддулам,
2. “Сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөж арилгахад бие даан суралцах ажлын дэвтрийг хэрэглэх арга зүй” сэдвээр Боловсролын хүрээлэнгийн Газар зүйн сургалтын хөтөлбөр хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Б. Алтансүх,
3. “Боловсролын салбарын зарим асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр Боловсролын хүрээлэнгийн Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөр хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Д.Түвшинжаргал нар мэдээлэл танилцууллаа. Мөн нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Оюунбилиг “Зөвлөн туслах үйлчилгээний явц, анхаарах зарим асуудал”-аар мэдээлэл, чиглэл өглөө.