НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН “ЗӨВЛӨЛДӨХ БАГ”-ИЙН УР ЧАДВАРЫГ ДЭМЖИХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн өмнөх боловсролын “Зөвлөлдөх баг”-ийн гишүүдийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багш нарт зөвлөн туслах ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий сургалтыг зохион байгууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар “Зөвлөлдөх баг”-ийг байгуулж, 2 дахь хичээлийн жилдээ төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөн туслах ажлыг хэрэгжүүлж байна. “Зөвлөлдөх баг” нь коронавируст халдварын улмаас үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Энэ хичээлийн жилд судлагдахуун тус бүрээр 25 зөвлөлдөх багийн 403 гишүүд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн сургалтыг нээж нийслэлийн Боловсролын газрын Орлогч дарга М.Цогзолмаа үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалтад нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаа, МУБИС-ийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхимийн ахлах багш Х.Өлзийтунгалаг, Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн ерөнхий захирал, дэд профессор С.Наранбаатар, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн ахлах сэтгэл зүйч А.Тайванжаргал нар чиглүүлэгч багшаар оролцож,
• Хүүхдийн сэтгэлзүйн асуудлууд ба засал хөгжүүлэлт
• Байгууллагын зан төлөв, эерэг хандлага
• Цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудал
• Зөвлөн туслах үйлчилгээний явц, анхаарах зарим асуудал зэрэг сэдвээр илтгэл сонордууллаа.