НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 145 ДУГААР СУРГУУЛЬ, 277 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО
Нийслэлийн ерөнхий боловсролын 145 дугаар сургууль, 277 дугаар цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж, хамран сургах тойргийн дагуу Чингэлтэй дүүргийн 14-р хорооны хүүхдүүд гэртээ ойр, тав тухтай орчинд сурч боловсрох боломжтой боллоо. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор 20 айлын 9000м2 газрыг улсын төсвөөр чөлөөлж, 2018 онд барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ оны 06 дугаар сард улсын комисс хүлээн авсан.
Тус цогцолборын 145 дугаар сургууль нь 180 хүүхдийн суудалтай, 6 анги танхим, спорт заал, халуун хоол үйлдвэрлэл явуулах стандартын гал тогоотой баригдсан юм. Өнөөдрийн байдлаар 103 сурагч 20 багш ажилтантайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Цэцэрлэгийн тухайд 5 бүлэгт 120 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 20 багш, ажилтан халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хүүхэд багачуудаа хүлээн авч байна.