НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ НАРТ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт шинээр батлагдан гарч буй холбогдох хууль тогтоомжийн шинэлэг зохицуулалтыг сурталчлан таниулах, авлига, албан тушаалын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 130 гаруй захирал хамрагдлаа.
Өнөөдрийн сургалтаар:
· Байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах аргачлал, зөвлөмж сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар
· Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулгыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б.Алимаа
· Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж болон холбогдох ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн байдал, анхаарах асуудлууд сэдвээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъяанчойжил
· Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, дүрэм журмын хэрэгжилт, зөрчлийн талаарх танилцуулга анхаарах асуудлууд сэдвээр нийслэлийн Боловсролын газрын ахлах мэргэжилтэн О.Бадамсэрээжид
· Эрх зүйн акт боловсруулалт анхаарах асуудлууд сэдвээр нийслэлийн Боловсролын газрын Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Хонгорзул нар мэдээлэл танилцуулж, харилцан санал солилцов.
Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээл сургалтын үйл ажиллагаатай холбоотойгоор “Коронавируст халдварын үед ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалт зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг баримталж ажиллах, суралцагч, багш, ажилтнаас бусад хүнийг хичээлийн байр болон дотуур байранд нэвтрүүлэх, урлагийн танхим, спорт заалыг бусдад ашиглуулахгүй байх, багш, ажилтан, суралцагчийг хамарсан уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байх, сургуулийн багш, ажилчдыг Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамруулж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавьж буй өдөр тутмын хяналтыг сайжруулах, сургуулийн Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, сурагчдын үдийн цай, хоолны асуудалд тусгайлан анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэлээ.