НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан нарт шагнал гардууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Коронавируст халдварын улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг танхим болон танхимын бус хэлбэрээр явуулах зайлшгүй нөхцөл байдал бидний өмнө тулгарч байна. Сүүлийн 3 хичээлийн жилд хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжүүлэхэд багш нар ачаалал ихтэй, амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Иймд хичээл зүтгэл, хүчин чармайлт гарган ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлж, салбарын хүндэт шагналаар шагнагдаж байгаад баяр хүргэе” гэв.
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэгээр нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн сургалтын менежер Н.Бат-Энх, нийслэлийн ерөнхий боловсролын 103 дугаар сургуулийн багш Ж.Бат-Эрдэнэ, нийслэлийн 85 дугаар цэцэрлэгийн багш Ч.Сарангэрэл, нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн багш Д.Баярцэнгэл, нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн багш В.Болормаа, нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн багш Н.Нарангарав, нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн багш Б.Гэнинчимэд нарыг, Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан тэмдгээр нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ажилтан Т.Отгондалайг шагналаа.
Мөн энэ үеэр нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан нарыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”, “Хүндэт өргөмжлөл”, “Хүндэт үнэмлэх”-ээр тус тус шагнаж урамшууллаа.