НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ
ЦАГИЙН ХУВААРЬТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 63 дугаар тэмдэглэлээр авто замын түгжрэлд нөлөө бүхий нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалтыг эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай нягт уялдуулан уян хатан байдлаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу холбогдох тооцоо, судалгааг хийж, саналыг боловсруулан, нийслэлийн 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтаар хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд асуулгад оролцогсдын 74.2 хувь нь тус саналыг дэмжсэн.
Санал асуулгын дүн болоод холбогдох тооцоо, судалгааг үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулан, зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын А/217 дугаар захирамж гарч, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөхөөр боллоо.
Тус цагийн зохицуулалт нь 2021-2022 оны хичээлийн жил дуустал мөрдөгдөх юм.