НИЙСЛЭЛИЙН ДҮРСЛЭХ УРЛАГ, ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН БАГШ НАРЫН “ЗӨВЛӨЛДӨХ БАГ”-ИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Боловсролын газрын даргын “Зөвлөн туслах ажлыг зохион байгуулах тухай” 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/78 дугаар тушаалаар суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт, амжилт, сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын зөвлөлдөх багийг 16 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Тэгвэл тус “Зөвлөлдөх баг”-ийн гишүүдийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багш нарт зөвлөн туслах ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа зөвлөлдөх багийн гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ, цаашид зөвлөлдөх багийг дэмжих, урамшуулах талаар төлөвлөж буй ажлуудын талаар дурдаад үндсэн ажлаасаа гадна бусад багш нараа чадавхжуулах ажилд хичээл зүтгэл гарган ажиллаж байгаад нь талархал илэрхийллээ.
Энэ удаагийн сургалтад:
– МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн багш, доктор Ш.Ичинхорлоо “Багшлахуй ба орчин үеийн хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдвээр,
– МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн Дизайн, зураг зүйн тэнхимийн эрхлэгч доктор Р.Гоцбаяр “Зайн сургалтын үед зураг зүйн хичээлийг заах арга зүй” сэдвээр,
– Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Отгонтуяа “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих нь” сэдвээр мэдээлэл хийж, дадлага сургалтыг зохион байгууллаа. Мөн нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Г.Хантэнгэр “Зөвлөн туслах үйлчилгээний явц, анхаарах зарим асуудал”-аар мэдээлэл чиглэл өгсөн юм.