“НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, гэр бүл, удирдах ажилтан, багш, ажилтныг шалгаруулан шагнаж урамшуулах, тэдний тэргүүн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” хүндэтгэлийн арга зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НЗД-ын эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, НЗД-ын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, сургууль цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцож байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай, иргэн болж төлөвшихөд чиглэсэн хичээл, сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйланг хичээллүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх олон талт сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ их үйлсэд хүчин зүтгэж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, ажилтан, албан хаагч, сурган хүмүүжүүлэгчид та бүхэнд эрдэм оюуны гэгээн үйлсэд тань амжилтын ерөөл өргөе” хэмээлээ.