НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, КАНАД УЛСЫН БРИТИШ КОЛУМБ МУЖИЙН ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨЛ ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Нийслэлийн Боловсролын газар, Канад Улсын Бритиш Колумб мужийн Олон улсын боловсролын зөвлөл хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Санамж бичигт Монголын талыг төлөөлж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж. Гантулга, Канадын талыг төлөөлж Канад Улсын Бритиш Колумб мужийн Олон улсын боловсролын зөвлөлийн захирал доктор Randall Martiin нар ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтан, багш, суралцагч, төгсөгчдийг солилцох, хамтарсан соёлын apгa хэмжээ зохион байгуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар тохиролцож цахимаар гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд Монгол улсаас Канад улсад суугаа элчин сайд Я.Ариунболд, Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд хатагтай Catherine Ivkoff болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлсэн үгэндээ:
Одоогоос 48 жилийн өмнө Монгол-Канад улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосон тэр цагаас эхлэн хоёр орны хамтын ажиллагаа бүхий л талаар хөгжиж байна.
Хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, мэдлэг, ур чадвартай хүний нөөцийг бэлтгэж төлөвшүүлэх нь боловсролын эрхэм зорилго хэмээн тодорхойлсон манай улсын хувьд дэлхийн улс орнуудтай харилцах харилцаандаа боловсролын хамтын үйл ажиллагааг онцлон авч үздэг.
Энэ нь хоёр байгууллагын хооронд цогц хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан сурагч солилцох, багш, удирдах ажилтан солилцох, мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах зорилготой хамтын ажиллагааны суурийг тавих, боломжийг эрэлхийлэх энэхүү арга хэмжээ нь хоёр улсын хооронд боловсролын талаар хамтран ажилласан түүхийг баяжуулж, үр дүнтэй үйл ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.