Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилгоор “Би Монгол хүүхэд” ёс заншлын наадмыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус наадам нь 3 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд I шат сургуулийн хэмжээнд, II шат дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж, дүүрэгтээ эхний 2 байранд шалгарсан багууд III шат буюу нийслэлийн наадамд өрсөлдлөө.
Нийслэлийн наадам энэ сарын 17-ны өдөр ерөнхий боловсролын 97 дугаар сургууль дээр зохион байгуулагдав. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат нар оролцож, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсэж, суралцагчдын бүтээлийн үзэсгэлэнтэй танилцлаа.
Энэ удаагийн наадамд Баянгол, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдээс шалгарсан 16 сургуулийн I-V ангийн 160 сурагч, бага ангийн 32 багш оролцож, монгол ёс заншил, ардын тоглоом наадгайгаар авъяас чадвар оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
“БИ МОНГОЛ ХҮҮХЭД” ёс заншлын наадмыг
• 1-р анги Алаг мэлхий өрөх, тайлбарлах
• 2-р анги Шагай няслах
• 3-р анги Шагай шүүрэх
• 4-р анги Алтан хонх
• 5-р анги Бүтээл урлах
Багийн мэндчилгээ, үлгэрийн орноор, гэрийн даалгавар гэсэн ганцаарчилсан болон багийн төрлүүдээр зохион байгуулж, аваргуудаа тодруулсан.
Багийн дүнгээр тэргүүн байрыг Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн “ШАГАЙДАЙ” баг, Дэд байрыг Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн “МӨНХИЙН ГАЛ” баг, Гутгаар байрыг Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн “МОНГОЛ БАХАРХАЛ” баг, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн “УДАМТ МОНГОЛ” баг эзэлсэн бол тусгай байрыг Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн “ХӨХ ТОЛБОТ” баг, Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн “ДӨРВӨН БЭРХ” баг тус тус эзэллээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр нийслэлийн Боловсролын газрын БББХХ-ийн хөгжмийн боловсролын багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Т.Олоннэмэх, бага боловсролын багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан, Д.Ариунболд нар ажиллалаа.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, дүүргийн бага боловсролын сургалтын менежерүүдийн төлөөлөл, 97 дугаар сургуулийн удирдлагууд, хөгжмийн болон бага ангийн заах аргын нэгдлийн хамт олон болон нийслэл, дүүрэг, сургуулийнхаа “Би Монгол Хүүхэд” наадамд суралцагчдаа бэлтгэн оролцуулж, дэмжин ажилласан нийт багш, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.