НИЙСЛЭЛД ТӨРИЙН БУС ӨМЧИЙН 4 ЦЭЦЭРЛЭГ, 3 СУРГУУЛЬ ШИНЭЭР БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газрын зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь төрийн бус өмчийн цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүдэд хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах байдаг.

Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар өнөөдөр нийслэлийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хүндэтгэлийн танхимд 2021-2022 оны хичээлийн жилд шинээр үйл ажиллагаа явуулах сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг гардуулж өглөө.

2021 оны 8 дугаар сард нийт 11 иргэн, аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 4 цэцэрлэг, 3 сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 235, сургуулийн суудлын тоо 870-аар нэмэгдэж байна.