“КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОХ” ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО
2021-2022 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох цахим сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтад нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан болон багш, эмч нарын бүрэлдэхүүнтэй тандалт хариу арга хэмжээний баг оролцов.
Өнөөдрийн сургалтыг нээж, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар үг хэллээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлсэн үгэндээ, Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдлаас шалтгаалж нийгмийн олон салбарт сөрөг үр дагавар үүсч, тэр дундаа боловсролын салбарт томоохон хүндрэл учруулж байна. Сургалтын үйл ажиллагаа 2019-2020 оны хичээлийн жилд гуравны нэг хувь, 2020-2021 оны хичээлийн жилд гуравны хоёр хувь нь цахим хэлбэрээр явагдсан. Энэ хугацаанд сургалтын үйл ажиллагаа зогсоогүй, багш нар ачаалал ихтэй ажилласан боловч сурагчдын хичээлийн хоцрогдол ихэссэн, танхимын сургалтыг эхлүүлэх шаардлагатай байгааг НҮБ болон ЮНЕСКО-оос гаргасан судалгаанаас харж болно. Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн А/292, А/525 хамтарсан тушаал гарсан. Тушаалаар батлагдсан журмыг хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжих хүртэл хугацаанд өмчийн бүх хэлбэрийн ЕБС, цэцэрлэгүүд, албан хаагчид мөрдөж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.
Цахим сургалтаар НЭМГ, НОКШШ, ХӨСҮТ, СЭМҮТ-ийн мэргэжилтэн, эмч, судлаач нар сургууль, цэцэрлэгийн байгууллагад Коронавируст халдвар /Ковид-19/-ын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах, байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт, Коронавируст халдвар /Ковид-19/-ын үеийн хүүхдийн сэтгэлзүйд дэмжлэг үзүүлэх зэрэг 6 сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, харилцан санал солилцов.
Энэхүү сургалтын хүрээнд НЭМГ, дүүргийн Онцгой комисс, Эрүүл мэндийн төвөөс ЕБС, цэцэрлэгийн эмч нарт хамар залгиураас сорьц авах аргад сургах дадлага сургалтыг танхимын хэлбэрээр дүүрэг бүрт зохион байгуулж, сургалтын видео хичээлийг ЕБС, цэцэрлэгийн эмч нарт хүргүүлэх юм.