ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДЭД ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж улсын хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсэнд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэгийн насны, зорилтот бүлгийн хүүхдүүдэд түгээх ажил энэ долоо хоногт орон даяар эхэлсэн.
Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 4952 хүүхэд хоол хүнсний дэмжлэг шаардлагатай байгаа хүүхдийн судалгаа, төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хүнсний үлдэгдлийн судалгааг тус тус гарган нэгтгэж БШУЯ-д хүргүүлсэн. Тус судалгааг үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/162 дугаар “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” тушаал гарсны дагуу хүнсний дэмжлэг үзүүлэх арга хэмжээг эхлүүлээд байна.
Хүнс тараалтыг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөрт багтаан зохион байгуулж дуусгана. Одоогоор 4500 гаруй хүүхдэд дэмжлэгийг хүргээд байна.