“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЭЦГЭЭЕ
Дэлхийн 187 улс орон 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол улс нь тус аянд 1997 оноос нэгдсэн бөгөөд энэ жил “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт “ЯГ ОДОО” жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэж аяныг өрнүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Covid-19” халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы энэ цаг үед Жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын статистик тоон мэдээлэл болон бусад мэргэжлийн байгууллагуудын судалгаа нотолж байгаа юм. Иймд хөл хорионы үед хүчирхийллийг таслан зогсоож, гэр бүлийн айдасгүй, амар тайван, аюулгүй орчинг бий болгоход дуу хоолойгоо нэгтгэж, аянд нэгдэцгээе.