Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөл, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн Ажилтнуудын холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулийн орчинд үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалт гаргахгүй байх, хүүхдийг аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон олон нийтэд зориулсан эерэг нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, үе тэнгийн ментор суралцагчид бэлтгэх зорилгоор “Дээрэлхэгч биш-Дэмжигч байя” сарын аяныг энэ сарын 24-нөөс 5 дугаар сарын 24-нийг хүртэл зохион байгуулж байна.
Өнөөдөр аяны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдаж, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн дарга Ж.Гантулга, МУСТА дуучин С.Гантогоо нар оролцож үг хэллээ.
Нийслэлийн Боловсролын газрын хүүхдийн эрх, хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ “Үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх”, нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч, нийслэлийн Хөвгүүдийн зөвлөлийн зохицуулагч Ч.Адъяатөмөр “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг бидний дуу хоолой”, Цагдаагийн ерөнхий газар, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Б.Анура “Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамт дээрэлхэлтийг бууруулах сайн туршлага” гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөөг хүргэлээ.