БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-очир, Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар нар нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр танхимын болон танхимын бус хичээл сургалтын үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалт, хичээлийн явцын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар мэдээлэл хийлээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хичээл сургалтын үйл ажиллагааг танхим болон танхимын бус хэлбэрээр эхлүүлсэн. Иймд нэгэнт нээсэн хичээл, сургалтын үйл ажиллагааг хаахгүй гэсэн байр суурьтай байна. Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхдээ Улсын Онцгой Комисс, эрдэмтдийн шинжээчдийн баг ажиллаж, хичээлийн шинэ жил эхэлсэн тохиолдолд ямар эрсдэл гарч болох талаар тооцоо судалгааг хийсэн. Өнөөдрийн байдлаар 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 90 гаруй хувь, багш нарынх 98 хувийн үзүүлэлттэй байгаа. Хүүхэд сургуулийн орчноос халдвар авах тохиолдол өсөөгүй, халдвар авсан хүүхдүүдийн 70 орчим хувь нь гэр бүл, ахуйн орчноосоо халдвар авч байна. Тиймээс хичээл сургалтын үйл ажиллагааг цаашид танхимаар үргэлжлүүлнэ. Хэрэв халдварын тохиолдол буурвал танхимын сургалтын өдрийг нэмнэ” гэдгийг мэдэгдэв.
Мөн нийслэлийн Боловсролын газраас хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулж нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах, танхимын болон танхимын бус сургалтын үед үүсч буй асуудалд шийдэл гаргах зорилготойгоор тус газар ажиллаж байгаагаа онцоллоо.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 280 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж буй. Үүнээс өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нөхцөл байдлаас хамаарч цахим сургалтад бүрэн шилжсэн 5, хэд хэдэн хичээлийн байр бүхий сургуулийн нэг хичээлийн байр цахим сургалтад шилжсэн 5 сургууль байна.
Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 960 орчим сургууль, цэцэрлэг тус бүрт коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах тандалтын баг ажиллаж байгаа юм. Эдгээр хариу хэмжээний багуудад халдварын сэргийлэлт, хяналтын талаарх сургалтыг НЭМГ, НОК, ХӨСҮТ-тай хамтран үе шаттайгаар зохион байгуулж, тухай бүр шаардлагатай зөвлөгөө , мэдээллээр ханган ажиллаж байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тодотгов.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн, албан хаагчид болон дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нартай уулзалт хийж, нийслэлийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц боломжийн талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм.