“БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ХҮҮХДИЙН ЭРХ, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” ЦАХИМ СУРГАЛТАД
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАР ХАМРАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18.1.7 дахь заалтын хүрээнд нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудад “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал” сэдэвт хүүхдийн эрх, хөгжил, хамгааллаар чадавхижуулах үе шаттай сургалт эхэллээ.

Сургалтыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 275 сургуулийн 14291 багш нар сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй, хүүхдийн эрхийн зөрчлийг таних, түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар чадавхи бэхжүүлэх, мэдлэг нэмэгдүүлэх зорилгоор цахим сургалт зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох нар оролцож сургалтад оролцогчдод хандан үг хэллээ. Цахим сургалт 2021 оны 05 дугаар сарын 19-нөөс 29-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд сургалтад хамрагдсанаар Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц дахь өөрийн үүрэг, оролцоо, бодлогыг хэрэгжүүлэх болон хүүхдийн эрхийн талаар мэдээлэл авч, эрхийн зөрчлийг таних арга зүйд суралцах юм.