БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ БОЛОН ДАГАЛДАН ГАРАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
Өнөөдөр Боловсролын ерөнхий хууль болон дагалдан гарах бусад хуулийн төслийг танилцуулах, боловсролын салбарын төлөөлөлтэй санал солилцох зорилго бүхий хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням, байнгын хорооны гишүүд болон БШУЯ, Нийслэлийн Боловсролын газар, харьяа мэргэжлийн байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн төлөөллүүд оролцов.
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барьж, УИХ-ын хаврын чуулганаар тус хуулийн төслүүдийг хэлэлцэхээр дэмжсэн юм.
Мөн Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төсөл, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн төслийг хамтатган хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамж гаргаж 7 ажлын хэсэг, мэргэжилтнүүдийг багтаасан дэд хэсгүүдийг байгуулсан.
Ажлын хэсгийн гишүүд өнөөдрийг хүртэлх хугацаанд хуулийн төсөлтэй танилцаж, 9 дүгээр сард аймаг, дүүрэгт, 10 дугаар сард УИХ-ын түвшинд шат дараалалтай хэлэлцүүлэг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд эхний хэлэлцүүлэг өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд болж, ажлын хэсэг, дэд хэсэг болон шат шатны боловсролын байгууллагын багш нарын төлөөлөл оролцож санал солилцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр “Боловсролын хуулийн өөрчлөлт нь цогц чадамжтай, насан туршдаа суралцах боломжтой, олон улсын чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бэлтгэх суурь, хөрс болно” гэж ажлын хэсгийн гишүүд онцолж байлаа.