АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Өнөөдөр зарим аймгийн Боловсролын газрын удирдлагууд нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцан, цаашид хамтран ажиллах боломж, туршлагын талаар харилцан санал солилцлоо.
Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэлийн боловсролын салбарт хийгдэж буй онцлох ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, нийслэлийн “Зөвлөлдөх баг”-ийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, “Чадварлаг багш-чанартай боловсрол” төсөл, тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах “Индексийн урамшуулал”, суралцагчдын сурлагын амжилтыг ахиулах “Амжилтын гараа” уралдаан, сургууль болон хүүхдийн автобусны үйлчилгээ, салбарын хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээний цахим шилжилт болон “Хүүхдийн эрх, хөгжил хамгаалал” аяны хүрээнд хийгдэж буй ажлуудыг онцлон танилцуулсан юм.
Аймгийн Боловсролын газрын удирдлагуудын зүгээс сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой олгогддог “Индексийн урамшуулал”-ийг аймагтаа хэрэгжүүлэх талаар туршлага солилцож ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.